Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз

нийтлэл

90 дээш хоногоор Германд оршин суух виз

Үндэсний визийн мэдүүлгэнд бэлдэх

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн, хүүхэд бүр өөрийн нэр дээр цаг тохирно. Явахаар төлөвлөж байгаа хугацаанаас 6 сарын өмнө цаг тохирч болно.  Цаг тохирох маягтыг бөглөхдөө эцэг/эхийн болон өөрийн нэрийг гадаад паспортанд бичсэнтэй ижил латин үсгээр  бичиж нэг л удаа илгээнэ. Цаг амжилттай тохирсон тухай захидал ирэх тул И-мэйл хаягаа зөв бичсэн эсэхээ сайтар шалгаарай. Нэг хүний нэр дээр олон дахин цаг тохирсоныг ЭСЯ-наас бүгдийг устгадаг тул Та хариуцлагатай хандах хэрэгтэй.  

Үндэсний виз мэдүүлэх цаг тохирох бол энд дарна уу

Үндэсний визийн түгээмэл төрлүүд, тэдгээрт ямар бичиг баримт бүрдүүлэх тухай мэдээллийг Та дараах заавруудаас уншина уу.


VIDEX-үндэсний визийн мягт - бүрэн гүйцэд бөглөөд 2 хувь хэвлэж гаргана

PDF - Үндэсний визийн маягт - VIDEX маягтыг бөглөсөн бол шаардлагагүй



Их/Дээд сургуульд, Хэлний бэлтгэл, Коллежид сурах / Эрдэмтний зэрэг горилох (Studium, Studienvorbereitung, Studienkolleg, Promotion)

Хэлний курсэд сурах (Sprachkurs)

Хүүхэд асрагчаар ажиллах (Au-Pair)

Сайн дурын ажил хийх (Freiwilligendienst)

Европын Холбооны Blaue Karte

Мэргэжлийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажил эрхлэх (Visum zur Arbeitsaufnahme bei teilweiser Anerkennung der Berufsausbildung)

Мэргэжил эзэмших сургалт хайх / Ажлын байр хайх (Ausbildungsplatzsuche, Arbeitsplatzsuche)

Мэргэжлийн боловсрол эзэмших (Berufsausbildung)

Дээд боловсролтой ажиллах хүчин / Мэргэжлийн ажиллах хүчин / IT-Мэргэжилтэн (Fachkräfte mit akademischer Ausbildung)

Erklärung zum Beschäftigungsverhältnis  Zusatzblatt-A (Герман дахь ажил олгогч  бөглөх албан маягтууд)

Гэрлэлтээ / Хамтын амьдарлаа Германд албан ёсоор бүртгүүлж оршин суух

Эхнэр / Нөхөр / Хамтран амьдрагч руугаа нүүж очих

Насанд хүрээгүй хүүхэд эцэг эх рүүгээ нүүж очих

Дахин нэвтрэх (Wiedereinreise)


Виз мэдүүлэх

Виз мэдүүлэхийн тулд Та ЭСЯ-ны визийн хэлтэст тохирсон цагтаа биечлэн ирнэ. Визийн мэдүүлэгт зориулж бүрдүүлсэн бичиг баримтаа өгч, төлбөрөө төлөх ба Таны визийн мэдүүлгийн зорилгын талаар ЭСЯ-ны ажилтан асуувал хариулах үүрэгтэй. Түүнчлэн энэ үеэр Таны хурууны хээг авна.

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх

ЭСЯ Таны визийн мэдүүлгийг шалган шийдвэр гаргахдаа эрх зүйн шалгуурыг хангах эсэхийг хянаж үзнэ. Бүрэн гүйцэд болсон үндэсний визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд 6-8 долоо хоног орчим хугацаа шаардлагатай. Визийн мэдүүлгийн шийдвэр гармагц ЭСЯ-наас утсаар мэдэгдэнэ. Визийн мэдүүлгийг боловсруулж байх хугацаанд явцын талаарх асуултад гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх боломжгүй. Зөвхөн виз мэдүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл виз мэдүүлэгчээс бичгээр итгэмжлэгдсэн хүнд мэдээлэл өгнө.

Паспорт буцаан авах

Зарчмын хувьд та паспортаа өөрийн биеэр ирж авах ёстой. Өөрөө биечлэн авах боломжгүй тохиолдолд паспортаа авахуулахаар итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид үүрэг даалгавар өгч болно. Үүний тулд та доорх итгэмжлэлийг виз мэдүүлэхдээ өгсөн байх хэрэгтэй.

итгэмжлэлийн маягт

Татгалзсан хариу авсан бол

Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгнө. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой.

Паспортаа авахдаа анхаарах зүйлс

 Элчин сайдын яамнаас гарахаасаа өмнө Танд олгосон визийн наалт дээрх бичвэрүүд зөв эсэхийг заавал шалгаарай. Ялангуяа эцэг эхийн ба өөрийн нэр, зорчих улс, эхлэх дуусах хугацаа, байх хоногийн тоо, хилээр нэвтрэх тоо болон паспортын дугаар зэрэг нь зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгана уу. Ямар нэгэн тоо, хугацаа, нэр буруу байх аваас нэн даруй ЭСЯ-ны ажилтанд мэдэгдээрэй. Шалгаж нягтлаагүйгээс үүдэх хожмын үр дагавар, ямар нэгэн санхүүгийн хохирлыг ЭСЯ хариуцахгүй.

Үндэсний визтэй хүн Герман Улсад нэвтэрсэнээс хойш тухайн хотын иргэний бүртгэлийн газарт бүртгүүлэх хэрэгтэй. Мөн оршин суух зөвшөөрлөө сунгуулахад Гадаадын харьяат иргэдийн газартай цаг тохирох шаардлагатай. Үндэсний буюу оршин суух виз нь Шенген-визийг давхар агуулдаг учраас Шенгений гэрээний орнуудад хагас жилдээ дээд тал 90 хоног зорчих боломжтой юм.

эхлэл рүү очих