Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Германд гэрлэлтээ бүртгүүлж үргэлжлүүлэн удаан хугацаагаар оршин суух
Германд амьдарч байгаа хүнтэй гэрлэж удаан хугацаагаар оршин суухаар төлөвлөж байгаа бол өөрийн оршин суугаа орныхоо ЭСЯ-нд визийн мэдүүлэг өгөх ёстой.
Визийн мэдүүлгийн дагалдах бичиг баримт
- Германд амьдарч байгаа сүйт залуу/бүсгүйн гадаад паспорт эзэмшигчийн мэдээлэл бүхий нүүрнээс хийсэн хуулбар
- Гэрлэх гэж буй хоёр иргэний гадаад паспортын хилээр орж гарсан тэмдэглэгээ бүхий нүүрнээс хийсэн хуулбар
- Германд амьдарч буй гадаадын иргэн бол: Германд оршин суух зөвшөөрлийн хуулбар
- Германд амьдарч буй сүйт залуу/бүсгүйн сүүлийн 3 сар дотор гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа (Meldebescheinigung)
- виз мэдүүлэгчийн Төрсний гэрчилгээг герман хэл дээрх орчуулгын хамт түүнчлэн E-Мongolia-аас авсан англи хэл дээрх төрсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлтийн баталгааг герман хэл дээрх орчуулгын хамт түүнчлэн E-Мongolia-аас авсан англи хэл дээрх гэрлэлтийн лавлагаа
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (Ledigkeitsbescheinigung/ Ehefähigkeitszeugnis)
- байгаа бол: өмнө гэр бүлээ шүүхээр цуцлуулж байсан бол шүүхийн шийдвэр герман хэл дээрх орчуулгын хамт
- Герман хэлний мэдлэгийн тухай баримт Deutschkenntnisse A1 түвшин
- Германы гэр бүлийн товчооноос (Standesamt) гэрлэлтээ бүртгүүлэхэд шаардлагатай болзол, нөхцлүүдийг хангасан тухай тодорхойлолт. Гэрлэлтээ бүртгүүлэх мэдэгдэл (Anmeldung zur Eheschließung) нь олгосон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байдаг. Энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлж чадахгүй бол гадаад сүйт бүсгүй/залуу нь эх орон руугаа буцаж болзошгүй үр дүнд хүргэнэ гэдгийг анхаарна уу.
Визийн мэдүүлгэнд өгөх герман хэлний мэдлэгийн баримт
Герман хэлний анхан шатны мэдлэгтэйг батлах баримт гэдэг нь сүүлийн 6 сарын дотор ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон сертификат юм. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө. Энэ нь Таныг Германд очихдоо энгийн яриаг ойлгох хэлний мэдлэгтэй гэдгийг баталж буй баримт юм.
Хэлний мэдлэгийг батлах баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Шилжилт хөдөлгөөн, Дүрвэгсдийн асуудал эрхлэх газраас (BAMF) гаргасан журмаас герман хэлээр авах боломжтой. Ямар тохиолдолд хэлний мэдлэгийн баримтыг өгөх шаардлагагүй болох жагсаалтыг мөн авч болно.
Монгол баримт бичгийг шалгах журам (Urkundenüberprüfung)
Визийн мэдүүлгийг шийдвэрлэх явцад Монголын Иргэний Бүртгэл Мэдээлэл болон бусад холбогдох байгууллагаас олгосон гэрчилгээ, лавлагаа, шүүхийн шийдвэр, тодорхойлолт гэх мэт баримт бичгийн үнэн зөвийг шалгах шаардлага гардаг. Шалгах шийдвэрийг ЭСЯ болон Герман дахь Гадаадын Иргэн Харьяатын байгууллага харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргах ба энэ нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг уртасгаж болох бөгөөд нэмэлт төлбөртэй байна.
Тодорхой тохиолдолд ЭСЯ-наас нэмэлт бичиг баримт шаардаж болно.
Визийн мэдүүлгэнд өгч буй бичиг баримт бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар нягтлан үзнэ үү. Бүрэн гүйцэд болоогүй визийн мэдүүлэг нь шийдвэр гаргах хугацааг сунжруулах бөгөөд визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй.