Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Хүүхэд эцэг, эх рүүгээ нүүж очих 

нийтлэл

Насанд хүрээгүй хүүхэд Германд байгаа асрамжлах эрх бүхий хүн рүүгээ нүүж очих боломжийг энэхүү виз олгоно. Эцэг, эх нь хууль журмын дагуу Германд оршин сууж байгаа эсвэл хамт виз мэдүүлж (жишээ нь: Гэр бүл рүүгээ нүүж очих, ажлын гэрээний дагуу гэр бүлээрээ оршин суух виз мэдүүлэх) байгаа тохиолдолд виз олгох боломжтой.  Насанд хүрсэн хүүхдэд зөвхөн онцгой хүнд, хүндэтгэж үзэх шалтгаантай тохиолдолд гэр бүл рүүгээ нүүж очих виз олгох боломжтой.

Виз мэдүүлэгч ЭСЯ-ны Визийн хэлтэст биечлэн ирнэ. 18-с доош насны виз мэдүүлэгчийн асрамжлах эрх бүхий хүмүүс заавал хамт ирэх ёстой. Эцэг эх хоёулаа эсвэл аль нэг нь Германд оршин сууж байгаа бол нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл визийн мэдүүлэгт хамт өгнө. Энэ төрлийн визийн мэдүүлгийг эцэслэн шийдвэрлэхэд Герман дахь Гадаадын Иргэн Харьяатын газар мөн зөвшөөрөх ёстой учраас бүрэн гүйцэд болсон визийн мэдүүлгийг боловсруулахад багадаа 2 сар шаардлагатай. Энэ хугацаанд визийн мэдүүлгийн явцын талаарх лавлагаа, тодруулга хийхгүй байхыг хүсч байна. 

Визийн мэдүүлгийг дагалдах бичиг баримт

Монгол болон бусад хэл дээрх гэрчилгээ, баримт бичгүүдийг герман хэл дээрх орчуулгын хамт өгөх ёстой.

  • хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар  
  • E-Mongolia-с хэвлэж гаргасан төрсний гэрчилгээний англи хэл дээрх лавлагаа 
  • байгаа бол: эцэг эхийн гэрлэлтийн баталгаа эх хувь, хуулбар болон E-Mongolia-с хэвлэж гаргасан  англи хэл дээрх лавлагаа
  • байгаа бол: Герман дахь гэр бүлийн бүртгэлийн газраас (Standesamt) сүүлийн 4 долоо хоногт олгосон Vaterschaftsanerkennungsurkunde
  • асрамжлах эрх бүхий эцэг эхийн хэн нэг нь Германд байдаг бол: үлдэж байгаа эцэг эхийн сүүлийн 6 сар дотор олгосон, нотариатаар баталгаажуулсан эцэг эх рүүгээ нүүж очиход татгалзах зүйлгүй тухай зөвшөөрөл.
  • эцэг эх шүүхээр салсан бол: Хүүхэд эцэг эхийн хэнийх нь асрамжид очсон тухай шүүхийн шийдвэр
  • Германд амьдарч буй эцэг эхийн гадаад паспорт болон оршин суугаа зөвшөөрлийн хуулбар
  • Германд амьдарч буй эцэг эхийн оршин суугаа хаягийн лавлагаа (Meldebescheinigung)
  • Герман хэлний мэдлэгийн баримт: виз мэдүүлэх хүүхэд нь 16 нас хэдийнээ хүрсэн бол Германд амьдарч байгаа гадаадын иргэншилтэй эцэг эх рүүгээ нүүж очихоор зэхэж байгаа бол C1 түвшний герман хэлний мэдлэгийн баримт өгөх шаардлагатай.
  • Визийн хураамж: 37,50 евротой тэнцэх монгол төгрөгийг визийн мэдүүлэг өгөхдөө бэлнээр төлнө.
  • Эрүүл мэндийн даатгал: Герман руу нэвтрэн орох өдрөөс эхлэх, ЭСЯ-наас олгох визийн нийт хугацааг хамрах эрүүл мэндийн даатгалын баримтыг виз мэдүүлэхдээ өгнө. Хэрэв эцэг эх нь германы төрийн даатгалд хамрагдсан түүндээ виз мэдүүлэх хүүхдийг хамруулсан бол энэ тухай баримтыг виз мэдүүлэхдээ мөн өгч болно. 

Герман хэлний мэдлэгийн баримт

Герман хэлний анхан шатны мэдлэгтэйг батлах баримт гэдэг нь сүүлийн 6 сарын дотор ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон сертификат юм. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө. Энэ нь Таныг Германд очихдоо энгийн яриаг ойлгох хэлний мэдлэгтэй гэдгийг баталж буй баримт юм.
Хэлний мэдлэгийг батлах баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Шилжилт хөдөлгөөн, Дүрвэгсдийн асуудал эрхлэх газраас (BAMF) гаргасан журмаас герман хэлээр авах боломжтой. Ямар тохиолдолд хэлний мэдлэгийн баримтыг өгөх шаардлагагүй болох жагсаалтыг мөн авч болно. 

Монгол баримт бичгийг шалгах журам (Urkundenüberprüfung)

Визийн мэдүүлгийг шийдвэрлэх явцад Монголын Иргэний Бүртгэл Мэдээлэл болон бусад холбогдох байгууллагаас олгосон гэрчилгээ, лавлагаа, шүүхийн шийдвэр, тодорхойлолт гэх мэт баримт бичгийн үнэн зөвийг шалгах шаардлага гардаг. Шалгах шийдвэрийг ЭСЯ болон Герман дахь Гадаадын Иргэн Харьяатын байгууллага харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргах ба энэ нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг уртасгаж болох бөгөөд нэмэлт төлбөртэй байна. 

Тодорхой тохиолдолд ЭСЯ-наас нэмэлт бичиг баримт шаардаж болно.

Визийн мэдүүлгэнд өгч буй бичиг баримт бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар нягтлан үзнэ үү. Бүрэн гүйцэд болоогүй визийн мэдүүлэг нь шийдвэр гаргах хугацааг сунжруулах бөгөөд визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй. 

эхлэл рүү очих