Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Мэргэжлийн боловсрол эзэмших виз

01.10.2024 - нийтлэл

Германы Оршин Суух тухай хуулийн §16a-н дагуу гадаадын иргэнд багадаа 2 жилийн хугацаатай мэргэжлийн боловсрол эзэмших зорилгоор оршин суух зөвшөөрөл олгож болно.

Германд мэргэжлийн боловсрол эзэмших боломж их бөгөөд Таныг германы хөдөлмөрийн зах зээлд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад дээд зэргээр бэлдэж өгөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Засгийн Газрын цахим хуудаснаас авч болно.


Цаг тохирох

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн бүр ЭСЯ-ны цахим хуудсаар орж заавал урьдчилан цаг тохирсон байх ёстой. Цаг тохирох бол Та энд дарна уу.

Танд хэн нэгэн төлбөртэй цаг тохирохыг санал болгож байгаа бол энэ талаар ЭСЯ-нд мэдэгдэж болно.

Визийн мэдүүлэгт заавал өгөх бичиг баримт

  • Эзэмших мэргэжил, цалингийн хэмжээ болон ажиллах цагийг тодорхой тусгасан, талуудын гарын үсэгтэй мэргэжлийн боловсрол эзэмших гэрээ
  • Герман дахь мэргэжлийн боловсрол олгох байгууллагаас бөглөж ирүүлсэн Erklärung zum Beschäftigungsverhältnis маягт. Байгаа бол урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung) эх хувиараа. Герман дахь ажил олгогч нь Холбооны Хөдөлмөрийн Товчоо (Bundesagentur für Arbeit)- нд урьдчилсан зөвшөөрөл хүсэх боломжтой. Урьдчилсан зөвшөөрлийг визийн мэдүүлэгтэй хамт өгсөн тохиолдолд Визийн хэлтэс тухайн мэдүүлгийг шуурхай шийдэх боломжтой.
  • Ажил олгогчоос ирүүлсэн гарын үсэг бүхий мэргэжлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө
  • Мэргэжлийн сургуульдаа бүртгүүлсэн баримт (Anmeldung zur Berufsschule)
  • багадаа В1 түвшний герман хэлний ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагаас олгосон сертификат. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө.
  • Германд очсоны дараа хэлний мэдлэгээ дээшлүүлэх нөхцөлтэй бол мэргэжлийн хэлний бэлтгэлд бүртгүүлсэн баримт
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Байгаа бол: эзэмших гэж байгаа мэргэжилтэй ойролцоо мэргэжлийн боловсрол эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн баримт, ажиллаж байгаа/байсан байгууллагын тодорхойлолт
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд ямар мэргэжлийн боловсрол эзэмших тухай болон өөрийн ажил мэргэжлийн хэтийн зорилго, төлөвлөгөөний талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Эрүүл мэндийн даатгал. Мэргэжлийн боловсрол эзэмших үеэр төрийн даатгалд (gesetzliche Krankenversicherung) хамрагдах үүрэгтэй бол Германд оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн бөгөөд сургуульдаа орсон байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Хичээл эхлэхээс өмнө Герман руу нэвтрэн орох бол  хувийн эрүүл мэндийн даатгал хийлгэх ёстой.
  • Визийн хураамж: визийн хураамж 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө.

​​​​​​​Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг удаашруулах бөгөөд цаашлаад татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй гэдгийг анхаарна уу

Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрэн гүйцэд өгсөн хэдий ч ЭСЯ-наас нэмэлт баримт бичиг шаардаж болдог. 

эхлэл рүү очих