Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Герман Улс Нэгдсэн өдөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Эрхэмсэг ноён Хэльмут Кулитцын хэлэх үг
Улаанбаатар хот, 2025 оны 9-р сарын 3-ны өдөр
Эрхэм хүндэт зочид оо,
Герман Улс Нэгдсэн өдөр, Герман улс эргэн нэгдсэний 35 жилийн ойн
баярыг тохиолдуулан хүрэлцэн ирсэн Та бүхэн Германы Элчин сайдын
яамны цэцэрлэгт, Монгол орны мөнх хөх тэнгэрийн дор тавтай
морилно уу!
Эрхэм зочид оо,
Герман Улс эргэн нэгдсэн 1990 он манай хоёр ард түмний хувьд хувь
заяаг нь шийдсэн он байсан. Берлиний хана нурснаар урт удаан
хугацаанд хуваагдмал байсан Герман орон нэгдэж, Монгол Улсад
1990 оны хувьсгал ардчилал, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засаг руу
шилжих үйл явцыг эхлүүлсэн билээ.
Манай хоёр ард түмэн дарлал, дарангуйллын дараах эрх чөлөөний
үнэ цэнийг өөрийн гашуун туршлагаас мэднэ. Тиймээс ч бидний
харилцаа энэхүү түүхэн туршлагаас улбаатай бат бөх үндэс суурь буюу
дотооддоо болон олон улсын харилцаанд баримтлах нэгдмэл үнэт
зүйлд тулгуурладаг.
Дэлхийн нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөөх даяарчилсан үүргээ
биелүүлж, эвийг эрхэмлэн хамтдаа хүчин зүтгэх шаардлагтай байгаа
хэдий ч хуваагдмал байдалд байна. Тиймээс олон улсад энх тайван,
аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон Нэгдсэн
Үндэстний Байгууллагын дүрмийг хүндэтгэхийн төлөө хүчин зүтгэж
буй улс орнууд мөр зэрэгцэн хамтран ажиллах нь урьд өмнөөс илүү
үнэ цэнтэй байна. Үүнд мөн нэн чухал асуудлуудын нэг болох улам
хурдацтайгаар явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтөн
хэрхэн зогсоох асуудал хамаарна.
Тиймээс би олон улсын бодлогод идэвхтэй хувь нэмэр оруулж буй
Монгол Улсын дипломат үйл ажиллагаанд талархал илэрхийлмээр
байна. НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын СОР 17-р
бага хурлыг ирэх жил эх орондоо зохион байгуулах болсон нь Монгол
Улс олон улсад уур амьсгал болон байгаль хамгаалахын төлөө зогсож
байгаагийн тод илэрхийлэл юм. Сар хүрэхгүй хугацааны өмнө
Туркменистан Улсын Аваза хотод зохион байгуулсан Далайд гарцгүй
хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь
Монгол Улсын 10 гаруй жилийн өмнө гаргасан „Далайд гарцгүй
орнуудын олон улсын судалгааны төв“ байгуулах санаачилгад
ихээхэн хэмжээгээр үндэслэсэн болно. Түүнчлэн „ Дэлхийн бизнес
эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган“ долоо хоногийн өмнө нийслэл
хотноо зохион байгуулснаар Монгол Улс нь жендэрийн чиглэлээрх
орчин үеийн дэвшилтэт бодлогын үзэл баримтлалаа онцлон
тэмдэглэж, өндөр сэтгэгдэл төрүүлсэн.
Эдгээр болон Улаанбаатарын яриа хэлэлцээ, эдүгээ олон жил
оролцож ирсэн Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг
бусад олон улсын бодлого дахь хувь нэмэр нь өндрөөр үнэлэгдэж буй
Монгол Улсын дипломат үйл ажиллагаанд бид талархаж байна.
Эрхэмсэг хатагтай, ноёд оо, эрхэм зочид оо,
Тогтворгүй байдал, таамаглашгүй байдлаар харилцаа, холбоо тасарч
буй өнөө цаг үед Герман Улс Монгол Улсын талд цаашид тууштай
зогсох болно. Энэ нь 2025 оны 5-р сарын 6-ний өдөр тангаргаа өргөж,
шинээр бүрэлдсэн Холбооны Засгийн газарт мөн адил хамаарна.
Бид ирэх сард хоёр талын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны
дараагийн үе шатны тухай хэлэлцээгээ хийж, хамтын ажиллагаагаа
өндөр хэмжээнд үргэлжлүүлэхийг зорьж байна. Энэ оны 6-р сард бид
Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд Монголын уулын явган
цэргийн батальон байгуулахад дэмжлэг үзүүлэх 6 жилийн төслөө
амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд шинээр арга хэмжээ төлөвлөж
байна.
Герман хэлний сургалт, гайхалтай хөгжиж буй Герман-Монголын
хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль зэргийг хамрах
шинжлэх ухаан, соёлын салбар дахь бидний хамтын ажиллагаа олон
чиглэлээр эрчимтэй, үр өгөөжтэй өрнөж байна.
Ирэх жил бид алдарт Дашдоржийн Нацагдорж Герман Улсад эрдмийн
аяллаа эхлүүлсний 100 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ жил мөн
өмнөхийн адилаар залуучууд Монгол Улсын тэтгэлэгтэйгээр их, дээд
сургуульд суралцахаар Герман Улсыг зорьсонд бид туйлын баяртай
байна.
Түүнчлэн манай аж ахуйн нэгжүүд эрчим хүч, уул уурхай, тээвэр
логистик зэрэг олон салбарт монгол түншүүдтэй хамтран ажиллахад
бэлэн байна.
Тиймээс: Үр дүнд хүргэх том боломжууд бидэнд нээлттэй байна. Мөн
бид манай хоёр ард түмний сайн сайхны төлөө хүчин зүтгэх иргэний
нийгэм, хувийн хэвшил болон улс хоорондын хамтын ажиллагаа дахь
өргөн хүрээний хамтын хүний нөөцтэй билээ.
Хамтын ажиллагааны энэхүү хүсэл эрмэлзлээ илэрхийлэхийн сацуу
өнөөдрийн хүлээн авалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулсан
Германы Элчин сайдын яамны хамт олондоо талархал илэрхийлж,
өөрийн үгээ өндөрлөе. Хүрэлцэн ирсэн, анхаарлаа хандуулсан Та
бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн бидэнд итгэл төгс
байж болно, бид хамтын ажиллагаагаа улам нягт хөгжүүлэхийн төлөө
байна!
Энэ утгаараа: Герман-Монголын хамтын ажиллагааны төлөө! Монгол-
Германы нөхөрлөлийн төлөө!