Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Хэльмут Кулитцийн Герман Улс Нэгдсэн өдрөөр хэлсэн үг
Элчин сайд Хельмут Кулитц, УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлгийн дарга, ноён Бат-Амгалан нар, © Deutsche Botschaft Ulan Bator
Герман Улс Нэгдсэн өдөр 2024
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайд,
Эрхэмсэг ноён Хэльмут Кулитцийн хэлсэн үг
Улаанбаатар хот, 2024 оны 9-р сарын 19
Эрхэм хүндэт УИХ дахь Монгол-Германы Парламентын бүлгийн дарга, ноён Бат-Амгалан,
эрхэмсэг хатагтай, ноёд оо,
эрхэм Германы Бундестагийн гишүүн, ноён Грунд,
эрхэм Дипломат төлөөлөгчдийн газрын мэргэжил нэгт төлөөлөгчид өө,
эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, эрхэм анд нөхөд өө, нутагт нэгт герман иргэд ээ,
өнөөдөр Та бүхнийг угтан авч, энэ өдрийг хамтдаа тэмдэглэж байгаадаа би маш их баяртай байна. Та бүхэн тавтай морилно уу!
Германы Үндэсний баярын өдрөөр бид 1990 оны 10-р сарын 3-нд 40 гаруй жилийн турш хуваагдмал байсан хоёр Герман эргэн нэгдсэн өдрийг тэмдэглэж байна. Берлиний хана нурсны 35 жилийн ой мөн энэ жил тохиож байна. „Хана нурах“ хэмээх энэ нэр томьёо нь итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон билээ. Хамтдаа хүчээ нэгтгэвэл ямар ч том бэрхшээлийг даван туулах боломжтой гэдгийг энэ үйл явдал харуулж чадсан юм. Герман-Монголын харилцааг мөн энэхүү дүр зургаар тодорхойлж болно хэмээн би бодож байна.
2024 оны Герман Улс Нэгдсэн өдөр нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Штайнмайер энэ оны хоёрдугаар сарын 7-нд төрийн айлчлал хийх үеэр, манай хоёр улс Стратегийн түншлэл байгуулж, гарын үсэг зурсантай холбогдуулан үг хэлэхдээ: “Хагас зуун жилийн тэртээгээс үүссэн Герман-Монголын түншлэлийн харилцаа өнөөдөр анд нөхөрлөлийн харилцаа болж хөгжиж чадсан байна. Бид цаашид илүү нягт хамтран ажиллах хүсэл тэмүүллээр ирээдүйг харж байна." гэсэн билээ.
Энэ нь бүхий л салбарт хөгжиж буй бидний өргөн харилцаанд хамаарна хэмээн би үүнд нэмж хэлмээр байна. Бид боловсрол, соёл, эрчим хүч, хөгжлийн болон байгаль орчны хамтын ажиллагаа болон эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
Эрхэм хүндэт зочид оо,
энэ завшааныг ашиглан Монгол Улсын Засгийн газар, УИХ, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт өнгөрсөн жилд болон нийт 50 жилийн хугацаанд амжилттай хамтран ажилласан түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түншүүддээ, юуны түрүүнд манай хоёр орны залуу үед хандаж, ирээдүйд хамтдаа юу төлөвлөснөө одооноос эрч хүчтэй, өөдрөг үзлээр хэрэгжүүлцгээе гэж би уриалмаар байна.
Өнөөдрийн баярт өдрийг тохиолдуулан 1990 онд Герман эргэн нэгдэхээс өмнө, 1974 онд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоохоос ч өмнө, олон жилийн тэртээ энд ажиллаж байсан герман хүмүүсийг би мөн хүндэтгэн дурсмаар байна. Хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын иргэд тэд 1950 онд БНАГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол түншүүдтэйгээ найрсаг, чадварлаг, ажил хэрэгч байдлаар ажиллаж байсан.
1974, 1990 оноос өмнө ажиллаж байсан эдгээр хүмүүс үзэл суртлаас ангид олон үнэ цэнэтэй зүйлсийг бий болгон, үлдээсэн. 1990 онд хоёр Герман эргэн нэгдэх үед хамтран ажиллаж байсан БНАГУ-ын иргэд 1990 оноос хойшхи хугацаанд мөн адил өөрсдийн мэдлэг, туршлагаа үргэлжлүүлэн хуваалцаж, итгэлцлийг тээж ирсэн байдаг. 1990 оноос хойшхи Герман-Монголын харилцаа эдгээр хүмүүсийн дэмжлэг, хүсэл эрмэлзэлгүйгээр ийм өргөн цар хүрээнд гүн гүнзгий хөгжих боломжгүй байх байлаа. Тиймээс би өнөөдөр тэдэнд онцгойлон талархал илэрхийлмээр байна.
Эрхэмсэг хатагтай ноёд оо, эрхэм зочид оо,
Өнөө үед өрнөж буй зарим үйл явдлаас мөн товч дурдахыг хүсэж байна. Бидний тэмдэглэлт ойн баяр нь Монгол Улс 6 дугаар сард Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай явуулж, 30 гаруй жилийн түүхтэй ардчиллын уламжлалаа бататган хөгжүүлэх алхамыг хийсэн жилд тохиож байна.
Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гайхалтай, заримдаа ширүүхэн болоод амаргүй замыг туулан, ололт амжилтаа ахиулж, шинээр томоохон зорилтуудыг дэвшүүлэн, хөгжлийн нэгэн шинэ эриний босгон дээр ирсэн байна. Үүнд улс төр, бизнес, нийгмийн зүтгэлтэн Та бүхэнд болон Монголын нийт ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, түншийн хамтын ажиллагаагаа бид дараагийн 50 жилд мөн үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг үүгээр илэрхийлье.
Эцэст нь би энэ хүлээн авалтыг бэлтгэл ажилд оролцсон бүх хүмүүст, юуны түрүүнд гайхалтай үдшийг бүрдүүлсэн Германы Элчин сайдын яамны хамт олонд болон хүрэлцэн ирсэн эрхэм Та бүхэнд дахин талархал илэрхийлье!
Герман-Монголын найрамдлын төлөө! Монгол-Германы хамтын ажиллагааны төлөө!
***