Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

ZfA болон DAAD-ын төлөөлөгчдийн Монголд дахь үйл ажиллагааны 30 жилийн ойн баяр

28.06.2023 - нийтлэл

30 гаруй жилийн өмнөөс ZfA-ийн мэргэжлийн зөвлөхүүд Монгол дахь ерөнхий боловсролын сургуулиудад Герман хэлний хөтөлбөрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, DAAD-ын төлөөлөгчид Монголын их, дээд сургуулиуд дахь герман судлалыг хөгжүүлэх, герман хэлний багш бэлтгэх болон герман хэлний арга зүйг боловсруулахад үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал эрхэлсэн Төв газрын (ZfA) мэргэжлийн зөвлөх, Германы Эрдмийн солилцооны алба (DAAD) болон Боловсролын Ерөнхий газар түнш байгууллагуудтайгаа хамтран энэхүү 30 жилийн ойн баярыг 2022 оны 12-р сард тэмдэглэв.

Баярын арга хэмжээг Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг нээж, Боловсролын Ерөнхий газрын дарга Т. Ням-Очир Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэндчилгээг хүргэлээ. Ойн баярын арга хэмжээ нь хамтын амжилтын түүхийг бүтээсэн оролцогчдын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйг илэрхийлэх боломж олгов:  Монгол Улсын боловсролын салбар хийгээд Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн багш нарт Боловсрол, шинжлэх ухааны яамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт медаль, өргөмжлөл гардуулан өглөө.  Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан зарласан “Герман орон Монголд миний нүдээр” гэрэл зургийн уралдаанд түрүүлсэн болон сурлага, идэвхээр өндөр амжилт үзүүлсэн оюутан, сурагчид шагнал, өргөмжлөл гардан авлаа. Баярын арга хэмжээний үеэр оюутан, сурагчид дуу, хөгжим болон бүжгийн гайхалтай үзүүлбэрүүд толилуулав. 

Монгол дахь DAAD-ын төлөөлөгчид

1965-2022 оны хугацаанд нийт 1.513 гаруй Монголын оюутан судлаачид DAAD-ын хөтөлбөрт хамрагдсан нь өргөн хүрээг хамарсан, тогтвортой уламжлал бий болсныг илтгэж байгаагаас гадна DAAD-ын төлөөлөгчид Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх үндэс суурийг тависан байдаг.

DAAD-ын төлөөлөгчид Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн түүх DAAD-ын анхны төлөөлөгч, Др. Михаэль Линке Монгол Улсын Их Сургуульд 1991 онд томилогдон ирснээр эхэлсэн. Түүний дараа DAAD-ын 7 төлөөлөгч Монголд ажилласан байна. 2009 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль болон Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд төлөөлөгчид томилогдон ирснээр Улаанбаатарт эдүгээ DAAD-ын 3 төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна.

Соёлын бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах, тэтгэлгийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх, түүнчлэн Герман улсад их, дээд сургуульд суралцах, эрдэм шинжилгээний судалгаа хийх талаар зөвлөгөө өгөхийн зэрэгцээ их, дээд сургуулиудад багшлах нь DAAD-ын төлөөлөгчдийн үндсэн ажил нь юм. DAAD-ын төлөөлөгчид МУИС-д герман судлал, орчуулгын чиглэлээр хичээл заадаг бол МУБИС-д герман хэлний багшийн ангид хичээл заана, харин МГТИС дээр герман хэл болон англи хэлний хичээлийг хариуцан ажилладаг.             

Гадаад дахь Ерөнхий боловсролын сургуулиудын асуудал эрхэлсэн төв газрын (ZfA) Монгол дахь үйл ажиллагаа

ZfA байгууллага нь 1992 оноос хойш Монгол улсад герман хэл түгээхэд дэмжлэг үзүүлж, Монгол дахь Герман хэлний дипломын сургалттай сургуулиудыг арга зүй болон сургалтын материал, тэтгэлэг зэргээр дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна ZfA нь Монголын сургуулиудад герман хэлийг заахад дэмжлэг үзүүлэх багш болон сайн дурын ажилтанг Герман улсаас зуучилдаг.        

Одоогийн байдлаар Монгол улсад 2.900 сурагчид 40 багшийн тусламжтайгаар герман хэл сурч байна.  ZfA-ийн мэргэжлийн зөвлөх, хатагтай Моника Эггер Александр-фон-Хумбольдтын нэрэмжит 38-р сургууль, Гёте сургууль, 1-р сургууль, Герман сургууль, Барилгын политехник коллеж болон Орхон аймгийн 14-р сургуулийн удирдлагад өнгөрсөн жилүүдэд амжилттай хамтран ажилласанд нь талархал илэрхийлэв.

Герман хэлний дипломын (DSD) хөтөлбөр нь Гадаад дахь сургуулиудад хүрээнд герман хэлийг гадаад хэл болгон заах, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын албан ёсны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн өндөр чанарыг нарийвчлан боловсруулсан сургалтын хөтөлбөр, тогтмол зохион байгуулагдах багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, шалгалтын нэгдсэн стандарт зэргээр баталгаажуулсан байдаг. ZfA байгууллагын герман хэлний шалгалтыг Герман улсад их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол эзэмшихээр элсэн суралцахад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

2023 оны туулай жилд тохиох тэмдэглэлт ойн баяр

2023 онд Герман хэлний дипломын 50 жилий ойн баяр болон  “Ерөнхий боловсролын сургуулиуд: Ирээдүйн түншүүд” (PASCH) санаачилгын 15 жилийн ой тохионо. Тус хөтөлбөрийг тухайн үеийн Холбооны Гадаад хэргийн сайд бөгөөд одоогийн Холбооны Ерөнхийлөгч, ноён Др. Франк-Вальтер Штайнмайер санаачилсан юм. ZfA болон Улаанбаатар дахь Гёте-Институт нь PASCH хөтөлбөрийн хүрээнд Монголд нийт 12 сургуулийг дэмжин ажиллаж байна.  

эхлэл рүү очих