Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Монголын Уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгууллаа

16.06.2023 - нийтлэл

Соёл, соёлын өвийг хадгалан хамгаалах нь улс орнууд, ард иргэд энх тайванд оршин тогтнож, харилцан ойлголцоход чухал билээ. Тиймээс Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өв хадгалан хамгаалах сангаас Монголын Уран зургийн галерей дахь соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлахад 100.000 гаруй еврогийн дэмжлэг үзүүлж, 2009 онд гал түймрийн улмаар гэмтсэн Монголын уран зургийн олон бүтээлүүдийг устах аюулаас авран, сэргээн засварлах зорилгоор Монголын уран зургийн галерейн дэргэд сэргээн засварлах лаборатори байгуулах төсөл 2022 оны 3-р сараас хойш хэрэгжүүлэв. Түүнчлэн төслийн хүрээнд Германы мэргэжилтэн Сузанне Эрхардсын удирдлага доор хоёр сэргээн засварлагч нарийн мэргэшлийн сургалтад хамрагдаж, шинээр бий болгосон сэргээн засварлах лабориторид галын гэмтэлтэй уран зураг цаашид бие даан сэргээн засварлах ур чадвар эзэмшлээ.   

2023 оны 3-р сарын 24-ний өдөр Германы Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, хатагтай Регина Рутенберг 13 сарын турш хэрэгжсэн төслийн үр дүнг Монголын Уран зургийн галерейд хүлээлгэн өгөв. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Соёлын сайд Ч. Номин оролцов. Ийнхүү Монголын уран зургийн галерей олон улсын стандартын дагуу иж бүрэн тоноглогдсон, үүнд мөн тус галерейд тусгайлан зориулан Германд үйлдвэрлэсэн мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засварлах лаборатори, түүнчлэн өндөр түвшинд нарийн мэргэшсэн хоёр сэргээн засварлагчидтай болов. Тэд сургалтын үеэр хэд хэдэн зураг сэргээн засварласан бөгөөд цаашид Уран зургийн галерейн олон уран зураг бие даан сэргээн засварлаж, олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам маш сайн хамтран ажилласан төслийн түншүүд болон бүх оролцогч нарт, үүнд ялангуяа Монгол дахь Гёте-Институт, Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл болон MCS группт гүн талархал илэрхийлж байна!

эхлэл рүү очих