Холбооны Гадаад хэргийн яамны хуудаст тавтай морил

Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа 

16.09.2026 - Нийтлэл

Монгол Улс, Герман улс хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа зуу орчим жилийн түүхэн хэлхээтэй.

Монгол Улс, Герман улс хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа зуу орчим жилийн түүхэн хэлхээтэй.
Герман, Монгол хоёр орны дотно харилцаа тэртээ 1920-иод оноос эхлэлтэй бөгөөд Монгол Улс шинэ ардчилсан тогтолцоо руу 1990 онд шилжсэнээс хойш энэхүү харилцаа нь улс төр, эдийн засаг, соёлын бүхий л хүрээг хамарсан нягт түншлэл болж хөгжсөн юм. Энэ цаг үеэс эхлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын хувьд хөгжлийн бодлогын гол түншүүдийн нэг болсон билээ. 


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний хөгжлийн индексийн (HDI) сүүлийн үзүүлэлтээр Монгол Улс үнэлгээнд хамрагдсан 193 улсаас 104-р байрт бичигджээ. 


Хэдийгээр түүхий эдийн үнэ өндөр, эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа ч асар уудам газар нутагт хангалтгүй дэд бүтэц, мэргэжилтэй ажиллах хүчний хомсдол, мөн эрх зүйн орчны тодорхой бус байдал Монгол Улсын хөгжилд бэрхшээл бий болгож байна. Ялангуяа хөдөө орон нутгийн хөгжил хоцрогдсон хэвээр байна. Уул уурхайн газрыг нөхөн сэргээлтгүй орхих мөн бэлчээрийн даац хэтрэлт зэргээс байгаль орчин доройтож, улмаар нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүн ам амьжиргааны эх үүсвэргүй болох эрсдэл байна. Мөн түүнчлэн тал хээр, элсэн цөл, өндөр уулын бүсээс бүрдэх Монгол Улсын байгалийн тогтоц нь уур амьсгалын өөрчлөлтөд маш өртөмтгий юм. Агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа бөгөөд мөнх цэвдэг хайлж, цөлжилт эрчимжих үр дагаварт хүргэсээр байна.


Хөгжлийн хамтын ажиллагаа нь энэхүү нөхцөл байдлыг харгалзан дараах үндсэн чиглэлүүдэд төвлөрч байна:
•    Байгалийн нөөцөд суурилсан амьдрах орчныг хадгалан хамгаалах
Хамрах хүрээ: биологийн олон янз байдал, ой мод

•    Тогтвортой эдийн засгийн хөгжил, сургалт ба хөдөлмөр эрхлэлт
Хамрах хүрээ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт, хувийн хэвшил болон санхүүгийн тогтолцооны хөгжил

•    Уур амьсгал ба эрчим хүч, шилжилтийн үе шат;
Хамрах хүрээ: Сэргээгдэх эрчим хүч ба эрчим хүчний үр ашиг
 

Ингэхдээ мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаардаг. Германы Олон улсын хамтын ажиллагаа (GIZ), Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW), Холбооны Физик, техникийн хүрээлэн (PTB), Холбооны Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR) зэрэг германы төрийн байгууллагуудаас гадна улс төрийн сангууд (Конрад-Аденауэрын сан, Фридрих-Эбертийн сан, Ханнс-Зайделийн сан) болон Шпаркассе банкны Олон улсын хамтын ажиллагааны сан тус улсад олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)- ны улс орнууд тус бүрээр гаргасан мэдээллийн хуудаснаас авна уу.
 

эхлэл рүү очих