Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

90 хоног хүртэлх шенгений виз

нийтлэл өгүүлэл

90 хоног хүртэлх шенгений  виз

Schengen Visum
Schengen Visum © colourbox

Шенгений гэрээнд багтсан бүх орон руу шенгений визээр нэвтэрч болох ба хагас жилдээ ихдээ 90 хоног байх боломжтой юм. Шенгений визийг нэг, хоёр болон олон удаагийн оролт гаралттай мэдүүлж болно. Үндсэн зорилго орон буюу ихэнх хугацаагаа өнгөрүүлэх шенгений орныг хариуцсан ЭСЯ (төлөөлөгчийн газарт)-нд визээ мэдүүлэх ёстой.

Дараах шенгений орнууд руу 90 хоног хүртэлх хугацаагаар зорчих шенгений виз мэдүүлэх бол Та Улаанбаатар дахь ХБНГУ-ын ЭСЯ-нд визээ мэдүүлж болно.

Герман
Исланд Голланд
 Словени
Дани Латви Австри
Испани
Финлянд Люксембург
Португал
Бельги
Грек Мальт Швед

Визэнд бэлдэх

дараах зааврын дагуу визийн мэдүүлгэд бэлдэхийг зөвлөж байна:

Садан төрөл, найз нөхдийндөө зочлох шенгений виз

Аялал жуулчлалын виз

Ажил хэргийн (бизнесийн) шенгений виз

Богино хугацааны сургалт, семинар, чуулганд оролцох шенгений виз

Эмчилгээ, оношилгоонд явах  шенгений виз

Спортын тэмцээн, уралдаанд оролцох шенгений виз

Дамжин өнгөрөх (транзит) шенгений виз


ЭСЯ-ны ажлын ачааллаас хамаарч визийн мэдүүлгээ өгөх цаг олон өдрөөр хуваарилагдсан байж болох тул та аялахаасаа өмнө багадаа 4-5 долоо хоногийн өмнө цагаа тохирно уу.


Виз мэдүүлэх

Виз мэдүүлэхийн тулд та ЭСЯ-ны визийн хэлтэст  тохирсон цагтаа өөрийн биеэр хүрэлцэн ирэх хэрэгтэй. Визийн мэдүүлэг өгөх цагт ирэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа өгч, төлбөрөө төлөх ба ЭСЯ-ны ажилтны тавьсан асуултад хариулна. Түүнчлэн энэ үеэр таны хурууны хээг авна.


Виз шийдвэрлэх

Визийн мэдүүлгийг шийдвэрлэхдээ таны бүрдүүлсэн бичиг баримт эрх зүйн шалгуурт нийцэж байгаа эсэхийг хянаж үзнэ. Бүрэн гүйцэд бүрдүүлсэн шенгений визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд багадаа ажлын 5 хоног шаардлагатай. Визийн мэдүүлгийг боловсруулж байх хугацаанд явцын талаарх асуултад хариу өгөх боломжгүйг ойлгоно уу. Зөвхөн виз мэдүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл виз мэдүүлэгчээс бичгээр итгэмжлэгдсэн хүнд мэдээлэл өгнө.


Татгалзсан хариу

Татгалзсан хариуг ЭСЯ бичгээр өгнө. Энэхүү татгалзсан хариунд шалтгааныг дурдсан байдаг. Та дахиад хэдийд ч бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэн шинээр виз мэдүүлэх боломжтой.


Паспортаа авахдаа 

Зарчмын хувьд Та паспортаа өөрийн биеэр ирж авах ёстой. Өөрөө биечлэн авах боломжгүй тохиолдолд паспортаа авахуулахаар итгэмжлэгдсэн бие төлөөлөгчид үүрэг даалгавар өгч болно. Үүний тулд та доорх итгэмжлэлийг виз мэдүүлэхдээ өгсөн байх хэрэгтэй. 

итгэмжлэлийн маягтыг татж авах


Элчин сайдын яамнаас гарахаасаа өмнө Танд олгосон визийн наалт дээрх бичвэрүүд зөв эсэхийг заавал шалгаарай. Ялангуяа эцэг эхийн ба өөрийн нэр,
зорчих улс, эхлэх дуусах хугацаа, байх хоногийн тоо, хилээр нэвтрэх тоо болон паспортын дугаар зэрэг нь зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгана уу. Ямар нэгэн тоо, хугацаа, нэр буруу байх аваас нэн даруй ЭСЯ-ны ажилтанд мэдэгдээрэй. Шалгаж нягтлаагүйгээс үүдэх хожмын үр дагавар, ямар нэгэн санхүүгийн хохирлыг ЭСЯ хариуцахгүй.

 Шенгений виз нь хилээр нэвтрэн орох баталгаа биш. Шенгений нутаг дэвсгэрийн  хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг зөвхөн хилийн шалган нэвтрүүлэх ажилтан гаргана. Таныг хил нэвтрэх үед хүчин төгөлдөр визтэй паспортаас гадна таны санхүүжих баримт, байх хугацаа, оршин суух зорилго болон эрүүл мэндийн даатгалын баримтын талаар мэдээлэл өгөх бусад баримт бичгийг шаардах эрхтэй. Иймээс та визийн мэдүүлэгт өгсөн баримт бичгийнхээ нэг хувийг (урилга, зочид буудлын захиала, аяллын эрүүл мэндийн даатгал г.м.) биедээ авч яваарай.

Гааль

эхлэл рүү очих