Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Монгол-Германы Археологийн хамтын ажиллагааны 20 жилийн ой

нийтлэл

Хархорум хотыг Чингис хаан үүсгэн байгуулсны 800 жилийн ой, үүнтэй зэрэгцэн Монгол-Германы археологийн судалгааны 20 жилийн ой 2020 онд тохиосон. Орхоны хөндий дахь Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа нь 1998 онд тэр үеийн Холбооны Ерөнхийлөгч Роман Херцогийн Монгол улсад хийсэн айлчлалын хүрээнд Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотын нутагт „Монгол-Германы Хархорум экспедиц“-ийн гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн. Бэлтгэл судалгааг хийсний дараагаар Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн анхны хамтарсан археологийн малтлагыг 2000 онд хийсэн юм. Түүнчлэн анх 2000 онд тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди болон тэр үеийн Холбооны Ерөнхийлөгч Йоханнес Рау нар археологийн хамтарсан судалгааг ивээл доороо авснаас хойш энэхүү хамтын ажиллагаа хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл доор хэрэгжиж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд археологийн судалгаа нь олон төсөл хэрэгжүүлснээр Герман-Монголын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болон хөгжсөн юм.

Дээрх тэмдэглэлт ойг тохиолдуулан археологийн судалгааны ажлын үй олон амжилт, сүүлийн жилүүдийн эрдэм шинжилгээний хамтын ажлын үр дүн, ололт амжилтыг олон нийтийн хүртээл болгох үүднээс „Хархорум“ номыг бүтээсэн. Дэлхий даяарх цар тахлын улмаас энэхүү номыг 2021 онд Монголын талд хүлээлгэн өгөв.

Элчин сайд Ёорн Розенберг 2021.11.18-ны өдөр „Хархорум“ номыг бүтээсэн судлаачид Др. Кристина Франкен (Германы Археологийн хүрээлэн), Др. Хэндрик Роланд (Германы Археологийн хүрээлэн), Др. У. Эрдэнэбат (Монгол Улсын Их Сургууль), Др. Т. Батбаяр (Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Археологийн хүрээлэн) нарын хамтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, ноён Э. Одбаяр болон Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаанs, технологийн зөвлөх, ноён Ч. Лодойравсал нартай хийсэн уулзалтын хүрээнд Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Түүнчлэн судлаачид Улаанбаатар дахь Герман Улсын Элчин сайдын яаманд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр „Хархорум“ ном болон Герман-Монголын археологийн салбар дахь хамтын ажиллагааны тухай танилцуулав.

Тэмдэглэлт ойг тохиолдуулан гаргасан Герман-Монголын судлаачдын хамтын бүтээл „Хархорум“ номыг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Гадаад харилцааны сайд, хатагтай Б. Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, ноён Л. Энх-Амгалан болон Соёлын сайд, хатагтай Ч. Номин нарт албан уулзалтын хүрээнд элчин сайд Ёорн Розенберг болон ЭСЯ-ны дэд тэргүүн, хатагтай Регина Рутенберг нар биечлэн гардуулан өгсөн болно.

эхлэл рүү очих