Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төсөл

29.03.2022 - нийтлэл

Монголын уран зургийн галерейн (МУЗГ) уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөний улмаар Монголын дүрслэх урлагийн түүхэн болон соёлын ач холбогдол бүхий сор бүтээлүүд галд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Монголын соёлын өвийн нэгэн хэсэг болох эдгээр бүтээлүүдийг хадгалан хамгаалах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд МУЗГ-н дэргэд Уран зураг сэргээн засварлах лабораторийг байгуулахад зориулан санхүүгийн дэмжлэг олгов. Түүнчлэн төслийн хүрээнд Монголын Уран зургийн галерейн сэргээн засварлагчдыг галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулснаар, галын гэмтэлтэй бүтээлүүдийг цаашид урт хугацаанд бие даан сэргээн засварлаж, ахин олон нийтэд хүргэх ач холбогдолтой. Ийнхүү хүний нөөцийн чадавхыг сайжруулснаар энэхүү лаборатори нь бусад музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлэх юм.

Төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2022.02.28-ны өдөр Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яаманд боллоо. Элчин сайд Ёорн Розенберг, Монголын Уран зургийн галерейн захирал, хатагтай Б. Сарантуяа нар Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Соёлын сайд, хатагтай Ч. Номин оролцов.

Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээг байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлэн, 2022 оны 9-р сард хичээлийн жил эхлэхэд шинэ сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн болно. МУЗГ нь төслийн хэрэгжилт, ахицын тухай цаашид тогтмол мэдээлж, үндэсний ач холбогдол бүхий уран зургуудын сэргээн засварлах явц, орчин үед сэргээн засварлагчийн нарийн мэргэжил эзэмших ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах юм.

Холбооны Гадаад хэргийн яам нь энэхүү нийт 13 сарын хугацаанд хэрэгжих төсөлд зориулан 100.000 еврогийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол дахь Гёте Институт, Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл, „Эм Си Эс“ групп зэрэг дэмжигч болон түнш байгууллагууд төслийн хүрээнд хамтран ажиллана.

эхлэл рүү очих