Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

"30 жилийн өмнөх Герман улс: Берлиний хана нурж, Герман Улс нэгдсэн нь"

нийтлэл

11-р сарын 9-ний өдөр элчин сайд Розенберг, Германд төгсөгчдийн холбоо „Монгол-Германы Гүүр“ ТББ хамтран Берлиний хана нурж, Герман Улс дахин нэгдэхэд хүргэсэн түүхэн үйл явдлууд болон Монгол улсад тухайн үед өрнөж байсан өөрчлөлтийн үйл явцын тухай VIP-хэлэлцүүлэгт урилаа. Арга хэмжээнд Монгол-Германы Парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А. Ариунзаяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Л. Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т. Тэгшжаргал болон улс төр, нийгмийн салбарын хүндэт зочид олноор хүрэлцэн ирсэн байв. Зочдын дунд 30 жилийн өмнө Германд болон Монголд өрнөсөн уйл явцын гэрч нь болсон олон хүмүүс байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д. Тэрбишдагва тухайн үеийн үйл явцын тухай сэтгэл хөдөлгөм яриа өрнүүллээ. "Улаан бичин жил - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин" хэмээх номоо саяхан Франкфуртын Номын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан тэрээр 30 жилийн өмнөх түүхэн үед өөрт төрж байсан тэр үеийн сэтгэгдлээсээ зочидтой хуваалцсан нь ихээхэн сонирхолтой байв. 

Хэлэлцүүлгийг Конрад-Аденаурын Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын ажилтан, „Монгол-Германы Гүүр“ ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Б. Сүхбат хөтлөв. Монгол-Германы Гүүр нь энэхүү арга хэмжээгээр  VIP цуврал хэлэлцүүлэг эхлүүлж байгаа бөгөөд үүгээрээ өнөөгийн цар тахлын үед ч хоёр орны харилцаанд шинэ түлхэц өгөхийг эрмэлзэж байна. „Гүүрийн“ хувьд ч мөн сүүлийн 20 гаруй жилд хуримтлуулсан эерэг туршлага, өв уламжлал, Монгол-Германы харилцаанд гүйцэтгэж ирсэн үүрэг, хариуцлагаа өөрчлөлтийн үеийн төгсөгчдөөс дараагийн залгамж үедээ хүлээлгэн өгөхийг зорьж байгаа аж.

эхлэл рүү очих