Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман Улс COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх буцалтгүй тусламж олгов

Элчин сайд Розенберг МУ-ын Батлан хамгаалахын сайдад зөөврийн амьсгалын аппарат гардуулах үеэр

Элчин сайд Розенберг МУ-ын Батлан хамгаалахын сайдад зөөврийн амьсгалын аппарат гардуулах үеэр, © Монгол Улсын Батлан хамгаалахын яам

нийтлэл

Герман Улс болон Монгол Улс нь олон жилийн найрамдалт харилцаагаар холбогддог. Хоёр улс  иж бүрэн түншлэлийн хүрээнд, үүнд мөн Батлан хамгаалахын салбарт уламжлалт сайн харилцаагаа хөгжүүлж ирсэн.  Монгол Улс  Афганистан дахь „Шийдвэртэй дэмжлэг“ ажиллагаанд Герман Улсыг дэмжин оролцож, Афганистаны Мазари Э Шариф дахь „Мармал“ баазын аюулгүй байдлыг хангахад Монголын цэргийн багийнхан хүчин зүтгэж байна.

Элчин сайд Ёорн Розенберг, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр нар уулзалтын үеэр
Элчин сайд Ёорн Розенберг, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр нар уулзалтын үеэр© Монгол Улсын Батлан Хамгаалахын яам

Герман Улс нь өөрийн олон жилийн түнш Монгол Улсад  цар тахлын өнөөгийн үед дэмжлэг үзүүлж, 1 сая еврогийн буцалтгүй тусламж олголоо. Холбооны Батлан хамгаалах  яамнаас олгосон энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг  COVID-19 халдварын эмчилгээнд шаардлагатай  эмчилгээний тоног төхөөрөмж, эм болон хамгаалалтын хэрэгслээр хангахад зориулах юм.

Элчин сайд Ёорн Розенберг хоёр талын Хамтын ажиллагааны тухай  тохиролцооны  хүрээнд Герман улсаас олгож буй нийт 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Г. Сайханбаярт 2020.08.12-ны өдөр гардуулан өглөө.  

„ Өнгөрсөн хугацаанд бид энэхүү цар тахлыг зөвхөн хамтын хүчээр даван туулна гэдэгт суралцлаа. Бид цар тахлыг газар авахуулахгүйн төлөө хамтдаа бүхий л арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүний зэрэгцээ юуны түрүүнд  COVID-19 халдвар авсан иргэдээ  онцгойлон анхаарах нь чухал билээ.  Эдгээр өвчилсөн иргэддээ үр дүнтэй эмчилгээ хийхэд  эм, тариагаар хангахаас гадна эмнэлгийн ажилтнуудаа эмчилгээний тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах шаардлагатай байна.“  хэмээн элчин сайд Розенберг хүний амь аврах дээрх тоноглолыг гардуулан өгөх үеэр хэлсэн үгэндээ дурьдав.

Ёслолын арга хэмжээний өмнө Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Г. Сайханбаяр, элчин сайд Розенберг нар уулзалт яриа хийв. Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэж, энэхүү түншлэл ирээдүйд мөн амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.


эхлэл рүү очих