Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

2020 онд тохиож буй хоёр тэмдэглэлт ой: Хархорумын 800 жил болон Герман-Монголын Хархорум экспедицийн археологийн малтлагын 20 жил

нийтлэл

Монголын Орхоны хөндий нь мянга мянган жилийн тэртээгээс тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтноход ихээхэн учир холбогдол бүхий үүрэг гүйцэтгэж ирсэн нутаг юм. Хүннүгийн оршуулгын гол чухал газрууд, Түрэгийн тахил тайлгын онгоны цогцолбор хийгээд уйгур, монголчуудын Хар балгас, Хархорум хэмээх агуу хоёр нийслэл хот нь өнөө хүртэл энэхүү хөндийд ээлжлэн өрнөж байсан баялаг түүхийн гэрч болж 2004 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд зүй ёсоор бүртгэгдсэн билээ.

Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний анхны нийслэлээр үндэслэсэн хэмээх Хархорум нь одоо ч гэсэн монголчуудын үндэсний ухамсарт гүн гүнзгий учир утгатай газар юм. 1254 онд тус хотод нэлээд хэдэн сар болсон Францыскан ёсны хувраг Вильхельм Рубрук дундад эртний Хархорумын амьдрал ахуйн тухай маш амьдлаг тодорхойлолтыг тэмдэглэн бичиж үлдээжээ. Тэрбээр, байшин барилга бүхий сарацины хороолол болон умард хятадаас ирсэн хүмүүсийн амьдарч байсан хорооллын тухай мэдээлж, ордны дүүргийг тодорхойлон бичиж, олон янзын үндэстний бурхадын сүм хийдүүдийн тухай дурдсан билээ. Буддын шашны хэд хэдэн сүм, исламын хоёр дугана, загалмайтны шашны нэгэн сүм байсан нь хотын амьдралд хэвшмэл байсан шашны болон угсаатны ихээхэн нээлттэй, олон янз байдлын тусгал болно.

Домог ёсоор Чингис хааны засаглалын үед 1220 онд хотыг үндэслэн байгуулсан гэх боловч хэрмээр хүрээлэгдсэн хотыг барьж байгуулах ажил түүний хөвгүүн Өгэдэйн үед 1235 онд сая хэрэгжсэн ажээ. Хэдийгээр Хархорум зөвхөн 1260 он хүртэл нийслэл байсан ч, энэ хугацаанд Монголын эзэнт гүрний эрх мэдэл, засаг захиргааны төв, аян дайнаар хурааж цуглуулсан зүйлийг зөөж авчирдаг, хамгийн дээд шүүх оршиж байсан газар бөгөөд эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтсан олон янзын үндэстний хүмүүс хуран цугларсан, түүний дотор дайнд олзлогсдыг ч албадан авчирдаг газар байсан билээ. 

Эрх мэдлийн төлөөх монголчуудын өвөр хоорондын зөрчил тэмцлийн улмаас 1260 онд Хархорум эзэнт гүрний нийслэлийн байр сууриа алдсан ч засаг захиргаа, шүтлэгийн чухал төв хэвээр үлдсэн юм. Түүнчлэн гар урлалын чухал төв байсан бөгөөд Монголын эзэнт гүрний умард хэсэгт олон тооны хятад гар урчууд ажилаж байсан нь энэ үед мэдэгдэхүйц нэмэгдсэн бололтой байдаг. Хотыг нэгэн үе эвдэн сүйтгэж, нэгэн үе дахин сэргээж байсны эцэст бүрмөсөн орхигдож мөхсөний хойно 16 дугаар зууны үед түүний нурангин дээр Эрдэнэ зуу хийд байгуулагджээ.

1998 онд Бонны Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн профессор Клаус Загастерын санаачилгаар, Монголын эртний нийслэл Хархорум хотыг археологийн талаар шинжлэн судлах зорилгоор Германы Археологийн Хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Бонны Их Сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээг байгуулж чадсан билээ. Хорин жилийн өмнө 2000 онд ийнхүү Монгол-Германы Хархорум Экспедиц хоёр орны ерөнхийлөгч нарын ивээл дор үйл ажиллагаагаа эхэлж, эртний хотын дэвсгэрийг археологийн үүднээс идэвхтэй шинжлэн судлах болсон юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эртний хотын хэд хэдэн газар, тухайлбал, “Их танхим”-ын судалгаагаар Бурханы шашны улсын сүмийг, хотын төв гудамжны уулзварын малтлагаар гар урчуудын хорооллын нэгээхэн хэсгийг, хотын хойд хэсэгт явуулсан шинжилгээгээр Хархорумын шүтлэгийн нэгэн цогцолборыг өргөн цар хүрээтэй шинжлэн судалж чадсан билээ.  Давхцан буй энэхүү хоёр ойг хүндэтгэж Германы Археологийн Хүрээлэнгийн Улаанбаатар дахь Судалгааны төв нь ирэх 20 долоо хоногийн турш фейсбүүк цувралын хүрээнд  судалгааны ажлын үр дүнгээс тоймлон танилцуулах болно.

эхлэл рүү очих