Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Берлиний олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн

нийтлэл

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг

Дэлхийн 80 гаруй улс хүнс, хөдөө аж ахуйн салбарынхаа ололт амжилтыг олон улсад нээн харуулж, хамтран ажиллахаар хагас сая орчим оролцогчтой Олон улсын “Ногоон долоо хоног-2020” үзэсгэлэнгийн талбайд хуран цугласан. Энэ удаагийн ээлжит 85 дахь үзэсгэлэн хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай  хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн байв.

“Ногоон долоо хоног-2020” арга хэмжээнд оролцон, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг сурталчилах ажилд ХХААХҮЯ ерөнхий зохион байгуулагчаар оролцлоо. Монгол ахуйг илтгэсэн 5 ханат гэрээ барьж, 10 гаруй аж ахуйн нэгжийн ноос, ноолуур, хүнсний боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сурталчлан, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Үндэсний дуу хөгжмийн тоглолт үзүүлэх зэргээр төлөөлөгчид маань үзэсгэлэнд идэвхтэй оролцож байна. Салбарын Сайд Ч.Улаан үзэсгэлэнгийн хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг “Даян дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн дээд хэмжээний  чуулга уулзалт”-д оролцож, салбар хуралдааныг удирдан зохион байгуулсныг хэлэхэд маш таатай байна.

Тэртээ 2005 онд тухайн үеийн Хүнс хөдөө аж  ахуйн сайд Д.Тэрбишдагва Олон улсын “Ногоон долоо хоног” арга хэмжээнд оролцож, энэхүү арга хэмжээний далайц, ач холбогдлыг өндрөөр үнэлэн, Монгол улсад “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг жил бүр зохион байгуулах шийдвэрийг гаргаж байв.  Миний бие тухайн үед Хүнсний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг анхлан зохион байгуулахад гар бие оролцож, хүчин зүтгэж явсан билээ.  Одоо “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг, томоохон арга хэмжээ болон өргөжин тэлсэн.  

Миний бие ХБНГУ-ын Гадаад харилцааны газар, Монгол дахь Герман улсын Элчин vайдын yамнаас хэрэгжүүлдэг “Зочид” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаа төлөөлөн Ногоон долоо хоногт анх удаа оролцож, маш их зүйл сурч, мэдэж авлаа.  Монгол улс жил бүр энэхүү арга хэмжээнд идэвхтэй, зохион байгуулалттай, далайцтай оролцсноор байгаль орчинд ээлтэй, биологийн олон янз байдлыг эрхэмлэсэн, мал амьтны тавлаг байдлыг хангасан, дижитал, ухаалаг үйлдвэрлэлийн арга барил, ноу-хауг салбартаа хэвшүүлэх, органик үйлдвэрлэлийг дэмжих зэргээр олон улсын хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн хэмнэлтэй мөр зэрэгцэн алхах боломж бүрдэнэ гэж үзэж байна.   

Дэлхийн бусад орны хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн салбарын чиг хандлага, бодлого, стратегийн чиглэлийг ухамсарлан, хамтран ажиллах чиглэл, талбар, цар хүрээг тогтоох зорилгыг өвөртлөн олон улсын зочид төлөөлөгчтэй биечлэн уулзаж, тэдний арга туршлагаас суралцаж, Монгол улсаа сурталчилж явлаа.

Мэргэжилтний хувьд сайжирж, өсч дэвжин, олон улсын хөгжлийн хэмнэлтэй зэрэгцэн алхаж, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төлөө  зүтгэх сэтгэлийн их тэнхээг суулгаж өгсөн энэхүү арга хэмжээнд оролцох боломжийг олгосон  Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлье.

 

эхлэл рүү очих