Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман Улс нэгдсэний өдөр 2019

нийтлэл


2019.10.02-ны өдрийн Лхагва гаригт Элчин сайд Розенберг, гэргий, хатагтай Урзула Розенбергийн хамтаар Герман Улс нэгдсэний баярын өдрийн хүлээн авалт хийлээ. Хүлээн авалтын хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Н. Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүд Д. Тэрбишдагва, Л. Болд, Ж. Батзандан болон Германы Бундестагийн гишүүн Др. Штефан Кауфманн оролцож, улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн салбар болон нийгмийн төлөөлөл, түүнчлэн дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагуудын тэргүүн нар зэрэг 400 гаруй зочид хүрэлцэн ирсэн байв.

Элчин сайд Розенберг зочдод хандан хэлсэн үгэндээ Герман-Монголын уламжлалт нягт харилцааг онцолж, 2019 онд хоёр орны харилцааны тэмдэглэлт ой олноор тохиож буйг дурдав. “Монгол Улс ялангуяа эрх чөлөө, ардчиллын тал дээр анхаарал татахуйц хөгжил дэвшилд хүрсэн байна. Өнгөрсөн хэдэн арван жилд Герман-Монголын харилцаа ч жинхэнэ үнэт зүйлийн түншлэл болж хөгжлөө. Манай хоёр улсын 2008 онд тохиролцсон иж бүрэн түншлэлийн харилцаа өнөөгийн харилцааны үндэс суурь болж байна. Тиймээс эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэх явдал бидний ч, миний ч чухал зорилт болж байгаа билээ.” хэмээн элчин сайд Розенберг онцлон тэмдэглэв.

Хүлээн авалтын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж. Бадамбазарт Монгол Улс, Герман Улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээн дэх Афганистан дахь энхийг сахиулах үйлсэд оруулсан хүчин зүтгэлийг нь үнэлэн Холбооны зэвсэгт хүчний “Хүндэт алтан загалмай” одонгоор шагнасан нь хоёр орны нягт харилцааны нэгэн онцгой илэрхийлэл нь байв.

эхлэл рүү очих