Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман-Монголын хөгжмийн үдэш – Өвөрмөц өнгө аястай гала концерт 

Элчин сайд Дуппел тоглолтыг нээж үг хэлж буй нь

Элчин сайд Дуппел тоглолтыг нээж үг хэлж буй нь, © Германы Элчин сайдын яам

17.06.2019 - нийтлэл

Герман Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 оны 6 сарын 6-ны өдөр Германы сонгодог хөгжмийн гала концерт зохион байгуулагдлаа. Монгол улсын хоёр том урлагийн байгууллагууд болох Дуурь бүжгийн эрдмийн театр болон Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид Вагнер, Малер, Бетховен нарын сонгодог хөгжмийн уран бүтээлүүдээс Берлиний нэрт удирдаач Томас Хеннигийн хөгжмийн удирдлага доор олон жилийн дараа хамтран тайзнаа тоглов.

Хөгжмийн үдшийн эхний хэсэгт Вагнер, Малер, Бетховен зэрэг германы агуу хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн алдарт бүтээлүүдээс дээжлэн сонордуулсан бол, тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал болон гоцлол дуучид  элчин сайдын гэргий, Элена Алонсо Фрайле-гийн хамтаар Вебер, Моцарт, Лехар зэрэг хөгжмийн зохиолчдын дуурийн  бүтээлүүдээс эх хэлээр нь дуулав.

Монголын алдарт баритон Г. Ариунбаатар  германы дуурийн зохиолоос, үүнд мөн Франц Шубертийн “Шөнийн серенад”-ийг дуулсан нь үдшийн оргил үе байв.

Тоглолтод хүрэлцэн ирсэн, Герман-Монголын харилцаанд олон жил чухал хувь нэмэр оруулсан, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, урлагийн салбарын төлөөллөөс бүрдсэн үзэгчдийн сэтгэл ихээхэн хөдөлж,  хөгжмийн хэмнэлд алга ташиж байлаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас суугаа элчин сайд Штефан Дуппел мэндчилгээндээ Монгол Улс, Герман Улс хоорондын соёлын салбар дахь түүхэн уламжлалт нягт харилцааг онцлон тэмдэглэв. Ингэхдээ Германы архитектор Герхард Козелийн зургаар 1948 онд баригдсан, Германы сонгодог хөгжмийн уламжлалыг түгээн ирсэн Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрыг онцлон дурдав.

Элчин сайд Дуурь бүжгийн театртай хувь хүний хувьд холбоотой байдаг тухай өгүүлж, түүний гэргий театрын найрал дуучнаар олон тоглолтод оролцсон бөгөөд тус театр тэдэнд хоёр дахь гэр нь болсон хэмээв.

Элчин сайд Дуппел энэхүү өвөрмөц үдшийн төгсгөлд Йохан Штраусын “Радетцкийн марш”-ийг өөрөө удирдаж, зочдод гэнэтийн бэлэг барьсан нь тоглолтод бас нэгэн гайхам өнгө, аясыг оруулав.

Германы сонгодог хөгжмийн гала тоглолт үзэгчдэд ихээхэн өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд ийнхүү Герман-Монголын 45 жилийн тэмдэглэлт ойн баярын арга хэмжээний оргил нь болов

эхлэл рүү очих