Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Герман - Монголын Батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа

02.08.2022 - нийтлэл

2022 оны 6 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д. Ганзоригийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний (Бундесвер) Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Герман-Монголын Батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлогын салбар дахь эдүгээ 30 жилийн хамтын ажиллагааны түүхэнд Бундесверийн Жанжин штабын даргын Монгол Улсад хийсэн анхны айлчлал байв. Генерал Цорн болон түүнийг дагалдан явсан Германы төлөөлөгчдийг Монголын талаас өндөр хэмжээнд хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзсан буюу Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр, Гадаад  харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяр нар тус бүр хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийлээ. 

Уулзалтуудын үеэр талууд 2009 онд Афганистан улс дахь энхийг сахиулах ажиллагаагаар эхэлж, 2019 оноос хойш уулын явгын цэргийн хамтарсан бэлтгэл сургалтаар үргэлжилж буй хоёр талын батлан хамгаалах салбарын олон жилийн хамтын ажиллагаа улам өргөжин, гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэж, батлан хамгаалах салбар, мэргэжлийн харилцан солилцоогоос гадна нийгэмд цар хүрээгээ тэлж, хоёр орны хоорондын харилцан ойлголцол, найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг дурдав. Герман Улс нь Монгол Улсыг нэгдмэл үнэт зүйлсээр холбогдсон бүс нутаг дахь чухал түнш улс хэмээн үздэг бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа үүнд суурилдаг билээ. Герман болон Монгол улс нь энэхүү хамтын ажиллагаагаа ирэх жилүүдэд мөн амжилттай үргэлжлүүлэн, цаашид өргөжүүлэхийг зорьж байна.

эхлэл рүү очих