Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Элчин сайд Ёорн Розенберг, © Монгол Улсын Засгийн Газар
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Герман Улсаас суугаа элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзаж, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Уулзалтад шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг оролцов.
Холбооны Ерөнхийлөгч Хорст Кёллер Монгол Улсад 2008 онд хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан Тунхаглал нь хоёр орны хоорондын уламжлалт нягт харилцааг улс төр, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа болон аюулгүй байдал, цэрэг-улс төр хийгээд соёл, боловсрол, шинжлэх ухаан, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс нь болдог. Талууд хоёр орны эдийн засгийн харилцааг Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын 2011 оны хэлэлцээрийн үзэл санаанд нийцүүлэн, цаашид эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар санал нэгдэв.

Уулзалтын үеэр хоёр тал Covid-19 цар тахлын эсрэг тэмцэх хүрээн дэх бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. 2021 оны 2-р сард дэлхийн 18 оронд, түүний дотор Монгол Улсад, COVAX хөтөлбөрөөр дамжуулан Covid-19 цар тахлын эсрэг вакцин олгож эхэлсэн. Герман улс COVAX хөтөлбөрийг санаачилсан цагаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд хамгийн том хандивлагч орнуудын нэг юм. Энэхүү олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр нь дэлхий даяар цар тахлыг зогсоох нэн чухал арга хэрэгсэл болж байна. Түүнчлэн Герман улс 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын „Access to Covid-19 Tools-Accelerator (ACT-A)“ хөтөлбөрт 1.5 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Ингэснээр Герман Улс нь дэлхий даяар вакцин болон эм, оношлогооны хэрэгсэл эрх тэгш, түргэн шуурхай хуваарилахад хувь нэмрээ оруулж байна. Шинээр олгож буй энэхүү нэмэлт хөрөнгийн ихэнх хэсгийг дэлхийн улс орнуудад вакцин олгох COVAX хөтөлбөрт олгох юм.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хариуцлагатай албыг хүлээн авсныг нь тохиолдуулан Холбооны Канцлер Ангела Меркелийн илгээсэн баярын цахилгааныг талархан хүлээн авснаа илэрхийлээд, Монгол-Германы хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.