Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Германд хэлний курсэд сурах

01.10.2024 - нийтлэл

Германы Оршин суух тухай хуулийн §16f-н дагуу эрчимжүүлсэн хэлний курсэд суух зорилгоор виз олгох боломжтой. Ямар нөхцөл болзлуудыг хангасан байх ёстой талаар Та эндээс мэдэж авч болно.

Их/дээд сургуулийн хэлний бэлтгэл ба бусад төрлийн хэлний курс гэдэг нь хоёр өөр визийн ангилал гэдгийг ойлгох нь чухал. Их сургуулийн хэлний бэлтгэлд сурах виз мэдүүлэх бол эндээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Цаг тохирох

Үндэсний визийн мэдүүлэг өгөх хүн бүр ЭСЯ-ны цахим хуудсаар орж заавал урьдчилан цаг тохирсон байх ёстой. Цаг тохирох бол Та энд дарна уу.

Танд хэн нэгэн төлбөртэй цаг тохирохыг санал болгож байгаа бол энэ талаар ЭСЯ-нд мэдэгдэж болно.

Визийн мэдүүлэгт заавал өгөх бичиг баримт

  • Эрчимжүүлсэн хэлний курсэд бүртгүүлсэн баримт. Долоо хоногт багадаа 18 хичээлийн цагтай, хичээл явагдах газар, хугацаа, долоо хоногт хэдэн цагаар хичээл орох талаар тодорхой тусгасан тодорхойлолт 
  • Хэлний курсийн төлбөрийг төлсөн баримт
  • Хэлний курс нь танхимаар хичээлээ заах тухай баталгаа ирүүлсэн байх ёстой
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургууль төгссөн бол диплом болон дүнгийн хавсралт
  • Албан байгууллагад ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт
  • Өнөөг хүртэл герман хэл сурсан тухай баримт, сертификат
  • Хэлний курсэд суух зорилгоор ажил, хичээлээ түр завсарлаж байгаа бол ажлын газраасаа / сургуулиасаа чөлөө авсан тухай тодорхойлолт
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд ямар учраас хэлний курсэд сурах гэж байгаа болон өөрийн хэтийн зорилгын талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд хүчин төгөлдөр үйлчлэх эрүүл мэндийн даатгалын хугацаа нь явахаар төлөвлөж буй өдрөөс эхэлсэн байх бөгөөд Германд байх нийт хугацаанд хүчинтэй байх ёстой
  • Визийн хураамж: визийн хураамж 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө.

Сурах үеийн санхүүжилт

Хэлний курсэд сурах хүн нэг сарын 1027 евроны санхүүгийн баталгааг нийт сурах хугацаагаар тооцож байршуулсан баримтыг визийн мэдүүлэгт хамт өгнө.

Санхүүгийн баталгааг дараах байдлаар гаргаж болно:

  • Германы ямар нэгэн сан, байгууллагаас тэтгэлэг авсан тухай баримт. Тэтгэлгийн хэмжээ дээр дурьдсан хэмжээнд хүрэхгүй байгаа тохиолдолд зөрүүг өөр санхүүжилтийн аргаар нэхэн байршуулах ёстой.  

ЭСВЭЛ

  • Германы Оршин суух тухай хуулийн 66-68 зүйлд заасны дагуу албан ёсны 
    батлан даалтын маягт (Verpflichtungserklärung). Гуравдагч этгээдээр 
    гаргуулж болох энэ батлан даалтанд Германд оршин суух зорилгыг тодорхой заах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг батлан даагч өөрийн хотын Гадаадын иргэн харьяатын газраас, гадаадад амьдардаг бол Герман улсын төлөөлөгчийн газраас авах хэрэгтэй

ЭСВЭЛ

  • Германы аль нэг банкинд хязгаартай ашиглах данс (Sperrkonto) нээлгэх. 
    Оршин суух визийн мэдүүлэгт хязгаартай ашиглах данс нээлгэж амьжиргааны баталгааг байршуулж болно. Хязгаартай данс нээхэд зуучилдаг байгууллагуудаас Та өөрөө сонгоно. Хязгаартай ашиглах данс нээлгэх журмын талаарх мэдээлэл.

Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй.

эхлэл рүү очих