Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Германд мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх, Мэдээллийн Технологийн салбарт ажиллах, Blaue Karte EU

01.10.2024 - Artikel

Өөрийн эзэмшсэн мэргэжлээр Германд хөдөлмөр эрхлэх визийг зөвхөн мэргэшсэн ажил эрхлэлт хайж байгаа хүнд олгох боломжтой гэдгийг анхаарна уу. Та эзэмшсэн мэргэжлээрээ мэрэгшсэн түвшинд ажил гүйцэтгэх чадвартай байх ёстой. Туслах ажилтан, дадлагажигч байх боломжгүй. Холбооны Хөдөлмөрийн Товчоо (Bundesagentur für Arbeit) Таны мэргэжил, ур чадвар тухайн ажлыг хийх түвшинд байгаа эсэхийг шалгах болно.

Blaue Karte EU гэдэг нь эзэмшсэн дээд боловсролоороо Германд ажиллах чадвартай гадаадын иргэнд олгодог хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл юм. Blaue Karte EU авахын тулд багадаа нэг жилийн хугацаанд ажиллах гэрээтэй байх ёстой. Германы Оршин Суух тухайн хуулийн §18g (§18g AufentG)-д Blaue Karte EU-р ажиллах хүнд олгох цалингийн доод хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Цалингийн хэмжээ шаардлагатай хэмжээнд хүрч байгаа тохиолдолд Холбооны Хөдөлмөрийн Товчооны зөвшөөрөл шаардагдахгүй, тухайн оронд суугаа ЭСЯ виз олгох эрхтэй.

Та мэдээлэл- харилцааны технологийн салбарт (IT) гаргууд мэдлэг, чадвартай бол мэргэжлийн диплом, үнэмлэх үл харгалзан энэхүү салбарт Германд ажиллах виз мэдүүлж болно.

Эзэмшсэн мэргэжил, мэргэшлээс үл хамаарч ямар салбарт ажиллаж болохыг Хөдөлмөр эрхлэх журмаар зохицуулсан (Beschäftigungsverordnung) байдаг. Үүнд: Албан байгууллагын удирдлагын түвшний ажилтан, албан томилгоо, мэргэжлийн тээврийн жолооч, нарийн мэргэжлийн тогооч (Spezialitätenköche), уран бүтээлчид, тамирчид, тодорхой төрлийн дадлага, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гэх мэт хөдөлмөр эрхлэлт багтана.

Та хууль, журмаар зохицуулагдсан мэргэжлээр хөдөлмөр эрхлэх бол (reglementierte Berufе) ажиллах зөвшөөрөл гарсан эсвэл ажлын байр баталгаажсан байх ёстой. Ихэнх тохиолдолд Холбооны Хөдөлмөрийн Товчооны зөвшөөрөл шаардлагатай болно.

Визийн мэдүүлгийг дагалдах бичиг баримт

  • Хөдөлмөрийн гэрээ (Arbeitsvertrag), албан тушаал, цалингийн хэмжээ, ажиллах цаг болон хугацааг заасан ажлын байрны санал (Arbeitsplatzangebot)
  • Ажил олгогч тал бөглөсөн Erklärung zum Beschäftigungsverhältnis маягт. Байгаа бол Холбооны Хөдөлмөрийн Товчооны урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung der Bundesagentur für Arbeit)-ийн ЭХ ХУВЬ
  • Belehrung über das Vorliegen eines konkreten Arbeitsplatzangebots
  • Pflicht zur Meldung eines Arbeitgeberwechsels
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажлыг бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Германд ямар учраас хөдөлмөр эрхлэхээр шийдсэн тухай болон өөрийн хэтийн зорилгын талаарх бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Герман хэлний мэдлэгийг батлах баримт. ALTE (Association of Language Testers in Europe) стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон сертификат. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний дипломыг мөн хүлээн зөвшөөрнө.
  • Визийн мэдүүлэг өгөхдөө 45 нас хүрсэн бөгөөд нэг жилийн цалингийн хэмжээ 48180 евро хүрэхгүй байвал: урьд өмнө ажиллаж байсан улсаас зохих журмын дагуу өндөр насны тэтгэвэр, халамж олгох боломжтой тухай баримт, өндөр насны, амь насны хувийн даатгалд хамрагдсан баримт, үл хөдлөх болон бусад хөрөнгийн баталгаа

Дээд боловсролтой ажиллах хүчин:

  • Германы эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын их дээд сургууль дүүргэсэн баримт - диплом болон дүнгийн хавтан. Зарчмын хувьд харь хэл дээр байгаа баримт бичиг (зарим тохиолдолд англи хэл дээрхийг мөн ялгаагүй) герман хэл дээрх орчуулгын хамт өгөх ёстой. Гадаадын дипломыг Anabin-шалгалтын хариу болон Монгол сургуулийн тухай дүгнэлтийн хамт өгнө.
  • хууль журмаар зохицуулагдсан (reglementierte Berufe) эмч, эмийн санч, багш гэх мэт мэргэжлээр ажил эрхлэх бол: Ажил эрхлэх зөвшөөрөл (Berufsausübungserlaubnis). Хууль, журмаар зохицуулагдсан (reglementierte Berufe) зарим нэг мэргэжлээр (Pflege- und Gesundheitsberufe) ажиллахын тулд герман хэлний B2-с дээш түвшинтэйг баталсан баримт байх ёстой.

Мэргэжлийн боловсролтой ажиллах хүчин:

  • Багадаа 2 жил сурч эзэмшсэн мэргэжлийн боловсролыг батлах баримт - мэргэжлийн үнэмлэх/диплом, дүнгийн тодорхйололт
  • Гадаадын мэргэжлийн боловсролыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр (Gleichwertigkeitsbescheid)
  • Сувилахуйн чиглэлээр ажиллах хүчин тодорхой ажлын байрны саналаас гадна §2PflBG-ын дагуух мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл (Erlaubnis zum Führen der Berufsbezeichnung) бөгөөд B2 түвшний герман хэлний мэдлэгийн баримт
  • Эмч, Эмийн санч, Багш гэх мэт хууль журмаар зохицуулагдсан ажил эрхлэх бол: мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл (Berufsausübungserlaubnis) эсвэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох баталгаа (Zusicherung der Berufsausübungserlaubnis). Тодорхой тооны хууль журмаар зохицуулагдсан ажил эрхлэлтэнд герман хэлний B2 түвшний баримт (Pflege- und Gesundheitsberufe).
  • Гадаадад эзэмшсэн мэргэжлийн боловсролын ур чадварыг шалгасан болон мэргэжлээрээ хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг визийн мэдүүлэгт хамт өгнө.

Мэргэжлийн боловсролын гэрчилгээ, дээд боловсролын дипломгүй IT-мэргэжилтэн

  • IT- салбарын дээд боловсролын эсвэл мэргэжлийн диплом үнэмлэх байхгүй хэдий ч IT-салбарт сүүлийн 7 жилийн дотор багадаа 3 жил мэргэжлээрээ ажилласан дадлага туршлагатай, гаргууд чадвартай тухайгаа батлах баримт
  • Ажил олгогчоос өгөх нэг жилийн татвар ноогдуулаагүй цалингийн (brutto Gehalt) хэмжээ 52560 евроноос дээш цалинтай тодорхой ажлын байрны санал
  • B1 түвшний герман хэлний мэдлэгийг батлах баримт. Үндэслэлтэй тайлбар бүхий зарим тохиолдолд герман хэлний мэдлэгийг батлах баримтыг шаардахгүй байж болно. Жишээ нь тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд дан ганц англи хэлний мэдлэг хангалттай бөгөөд виз мэдүүлэгч нь тус түвшний англи хэлний мэдлэгтэйгээ баталж буй тохиолдолд.

Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрэн гүйцэд өгсөн хэдий ч ЭСЯ-наас нэмэлт баримт бичиг шаардаж болно.

​​​​​​​Та бичиг баримтаа бүрэн гүйцэд байгаа эсэхийг сайтар хянаж үзнэ үү. Бичиг баримт дутуу байх нь визийн мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг удаашруулах бөгөөд цаашлаад татгалзсан шийдвэрт хүргэж болзошгүй гэдгийг анхаарна уу!


Визийн мэдүүлгийг шуурхай шийдвэрлэх журам

Та Герман дахь ажил олгогчоо хэдийнээ олсон бол тухайн байгууллагын холбогдох ажилтанд итгэмжлэл олгож хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн асуудлыг хариуцуулж болно.

Гадаадын Иргэн Харьяатын газар (Ausländerbehörde) болон Холбооны Хөдөлмөрийн Товчооны нөхцөл болзлуудыг хангаж буй тохиолдолд урьдчилсан зөвшөөрөл (Vorabzustimmung) гээчийг авах боломжтой. Ажил олгогч нь энэхүү урьдчилсан зөвшөөрлийн ЭХ ХУВИЙГ Танд илгээх ёстой. Та урьдчилсан зөвшөөрлөө авмагц виз мэдүүлэх цагаа тохирч болно. Хүссэн хугацаанд цаг тохирох боломжгүй байх аваас Визийн хэлтэст цаг олгох хүсэлтээ E-Mail -р илгээж болно. Энэ тохиолдолд Танд виз мэдүүлэх цаг богино хугацаанд олгох болно.


nach oben