Willkommen auf den Seiten des Auswärtigen Amts

Хүүхэд асрагч (Au-Pair)

01.10.2024 - Artikel

Гуравдагч орноос хүүхэд асрагчаар ажиллах хүнд оршин суух зөвшөөрөл шаардлагатай. Энэхүү зөвшөөрлийг өөрийн оршин суугаа орон дахь германы ЭСЯ-ны Консулын хэлтэст визийн мэдүүлгээр хүснэ.

Хүүхэд асрагчаар (Au-Pair) ажиллах ерөнхий мэдээлэл

Хүүхэд асрагчаар ажиллах нь Танд зочин айлдаа байрлаж ажиллахын сацуу герман хэлнийхээ мэдлэгийг сайжруулах болон Герман оронтой танилцах боломжийг олгодог.  
Хүүхэд асрагчаар багадаа 6 сар дээд тал нь 12 сар ажиллах боломжтой бөгөөд энэ төрлийн визийг сунгах болон дахин хүүхэд асрагчаар ажиллах боломжгүй.

  • Герман хэлний мэдлэг: Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох Европын  нийтлэг шалгуурын дагуу А1 түвшний герман хэлний мэдлэгтэй байх нь хүүхэд асрагчаар ажиллах виз олгоход заавал тавигдах шаардлага. Энэ нь Та виз мэдүүлэхдээ герман хэлээр сонсож ойлгох чадвартай байх ёстой бөгөөд энгийн харилцан яриа өрнүүлэх түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үг юм.
  • Насны хязгаар: Хүүхэд асрагчаар ажиллаж эхлэхэд Та 18 нас хүрсэн харин визийн мэдүүлэг өгөхөд 27 нас хүрээгүй байх ёстой.
  • Хүсэлт гаргах ба зуучлуулах: Та зуучлагч байгууллагаар дамжуулж эсвэл өөрөө айлтайгаа шууд харилцаж ажлын байраа олж болно. Таны ажиллах айлын эх хэл герман байх ёстой. Зочин айл нь гэр бүлийн хүрээнд зөвхөн германаар харилцдаг байсан ч Та зочин айлын эцэг эхийн аль нэгтэй нь ижил улсаас гаралтай байж болохгүйг анхаарна уу. Төрөл садан айлд хүүхэд асрагчаар ажиллах боломжгүй. Германы Патент, тэмдэгтийн албаны бүртгэлд орсон жуучлагч байгууллагуудын жагсаалтыг та эндээс авах боломжтой. Германы Оршин суух тухай хуулийн §19c (1) ба Хөдөлмөр эрхлэх зохицуулалтын §12-т заасны дагуу хүүхэд асрагчаар ажиллахыг хөдөлмөр эрхлэлт гэж үзнэ. 

Та болон зочин айлын хооронд байгуулсан бичгэн гэрээ байх ёстой. Гэрээнд тусгаагүй ажил, даалгаврыг Та хүсэхгүй байгаа бол гүйцэтгэх албагүй. Үүнээс үүдэлтэй зөрчил, маргаан гарах аваас Та германы зохих байгууллагад энэ талаар хандаж тусламж хүсэхээс цаараглах хэрэггүй. Холбооны хөдөлмөрийн Товчооны цахим хуудаснаас (Bundesagentur für Arbeit) Германд хүүхэд асрагчаар ажиллах тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

Визийн мэдүүлгэд заавал өгөх бичиг баримт

  • Зочин айл болон Таны гарын үсэгтэй гэрээний эх хувь (Au-Pair-Vertrag). RAL журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн жуучлагч бол хуулбар байхад хангалттай
  • Зочин айлын эцэг/эх бөглөсөн Fragebogen  маягт
  • Зочин айлын эцэг/эхээс ирүүлсэн бичмэл урилга
  • Зочин айлын эцэг/эхийн оршин суугаа бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (Meldebescheinigung der Gasteltern). Хүүхдүүдийн нэрс мөн бичигдсэн байх ёстой.
  • Зочин айлын эцэг/эхийн паспортын хуулбар
  • Герман хэлний мэдлэгийн (А1 түвшин) сертификат нь ALTE стандартын дагуу хэлний мэдлэгийг шалгах эрх бүхий байгууллагаас олгосон байх ёстой. Das Deutsche Sprachdiplom (DSD) – Герман хэлний диплом нь хэлний мэдлэгийг батлах баримт мөн. Герман хэлний мэдлэг зохих түвшинд байгаа эсэхийг виз мэдүүлэхдээ ЭСЯ-ны эрх бүхий ажилтантай ярилцлага хийх замаар анхан шатны мэдлэгээс илт дээр герман хэлний мэдлэгтэйгээ баталж чадвал герман хэлний сертификат өгөх журмаас чөлөөлж болно. Визийн мэдүүлгээ өгсөнөөс хойш герман хэлний сертификатыг тодорхой хугацаанд нөхөн өгч болдог бөгөөд ЭСЯ-наас энэхүү хугацааг тодорхой зааж өгнө.

  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, дээд боловсролын диплом, дүнгийн хавсралт
  • байгаа бол: мэдүүлэгтэй хамааралтай мэргэжлийн боловсрол эзэмшсэн тухай баримт, ажиллаж байгаа/байсан байгууллагын тодорхойлолт
  • Өнөөг хүртэл эзэмшсэн боловсрол, мэргэжил болон эрхэлж байсан ажил, нийгмийн идэвхитэй хөдөлмөр эрхэлж талаарх бүрэн гүйцэд бичсэн, хүснэгтчилсэн намтар герман хэл дээрх орчуулгын хамт
  • Ямар учраас хүүхэд асрагчаар ажиллах болсон тухай мөн хүүхэд асрагчийн хөтөлбөр дуусгавар болсны дараа хаана, ямар мэргэжил эзэмших, ажиллах талаар бичмэл тайлбар захидал (Motivationsschreiben) герман хэл дээрх орчуулгын хамт
  • Эрүүл мэндийн даатгал: Германд хүүхэд асрагчаар ажиллахад хүчин төгөлдөр үйлчлэх  эрүүл мэндийн даатгал визийн мэдүүлэгтэй хамт өгнө
  • Визийн хураамж: визийн хураамж болох 75 еврог тухайн үеийн Визийн хэлтэсээс тогтоосон ханшаар тооцож Монгол төгрөгөөр бэлнээр төлнө.

Хүүхэд асрагчаар ажиллах Холбооны Хөдөлмөрийн Товчооноос гаргасан мэдээллийг

 уншиж ойлгосноо баталгаажуулна уу Informationen der Bundesanstalt für Arbeit zur Au-pair-Tätigkeit.

Empfangsbestätigung энэ маягтыг хэвлэж гаргаад, гарын үсгээ зурж визийн мэдүүлэгт хавсаргаж өгнө.

Зарим нэг тохиолдолд нэмэлт баримт бичиг ЭСЯ-ны зүгээс шаардаж болно.

Бүрэн гүйцэд бус бичиг баримт өгөх нь шийдвэрлэх хугацааг сунжруулах бөгөөд визийн мэдүүлгийг татгалзах шийдвэрт хүргэж болохыг анхаарна уу.

Виз мэдүүлэх цаг тохирох

ЭСЯ-нд визийн мэдүүлэхийн тулд заавал цаг тохирох ёстой. Үндэсний виз мэдүүлэх цагийг дан ганц ЭСЯ-ны Цахим хуудсаар тохирох боломжтой.

Хүүхэд асрагчаар ажиллах хүний эрх ба үүрэг

Таны эрх болон үүргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү Зөвлөмжөөс унших боломжтой.


Downloadbereich

nach oben